image
clock
2025-01-09
МУЗЕЙН ҮЗҮҮЛЛЭГ ДЭГЛЭЛТИЙГ ДИЖИТАЛЖУУЛЖ, ОРОН ЗАЙ ХАРГАЛЗАХГҮЙ ЯВУУЛНА

БНСУ-ын ОУХАБ буюу КОЙКА-ийн буцалтгүй тусламжаар Чингис хаан Үндэсний музейд “Дижитал контент хөгжүүлэх үйл ажиллагааны чадавхыг бэхжүүлэх төсөл” энэ оноос хэрэгжиж эхлэхээр болсон билээ. Энэ хүрээнд хэрэгжүүлэгч хоёр тал төслийн нарийвчилсан судалгааны төлөвлөгөөг танилцуулахаар БНСУ-аас төслийн багийнхан ирж, удирдлагын түвшний уулзалтыг (2025.01.09) музейн хурлын танхимд хийлээ.

Төсөл хэрэгжсэнээр шинэ техник технологийг музейн салбарт нэвтрүүлж, музейн боловсролыг орон зай харгалзахгүй явуулах боломжтой болох, музейн салбарын ажилтан албан хаагчдыг мэргэшүүлж чадавхжуулах, музейн үзүүллэг дэглэлтийг дижиталжуулах, шинэ контент түгээх, хүүхэд багачуудын сэтгэхүйд таарсан мэдлэг түгээх дижитал хүүхдийн музейг байгуулах, цаашлаад дижитал чиглэлээр тогтвортой ажиллах боловсон хүчинтэй болох зэрэг үр дүн, салбарын хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулах юм.

Уулзалтын үеэр Чингис хаан Үндэсний музейн захирал, академич С.Чулуун төслийн үр дүнг “Манай музей өнгөрсөн жил Чингис хаан: Монголчууд дэлхийг өөрчилсөн нь үзэсгэлэнг Францд, ирэх гурван сард Чехийн Прага хотод , Швейцарт 10 сард, ирэх жил ХБНГУ-ын Берлин хотод тус тус үзэсгэлэнг гаргана. Энэ төсөл хэрэгжсэнээр монголын түүх соёлыг сурталчлан түгээхэд үнэтэй хувь нэмэр оруулах бөгөөд, зөвхөн Монголд биш дэлхийд хэрэгжиж байгаа төслийн суурь нь болж байгаа гэж ойлгоорой. Ялангуяа төсөл хэрэгжүүлэх үе шатанд ямар чиглэлд түлхүү анхаарах хэрэгтэй болоод музейн зүгээс шаардлагатай бүхий л мэдээллийг өгч, бэлтгэл ажлаа сайн хангаж ажиллана” гэв.

Энэхүү уулзалтад Чингис хаан Үндэсний музейн захирал, академич С.Чулуун, ССАЖЗЯ-ны Соёлын өвийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Б.Даваацэрэн, Гадаад харилцаа, олон улсын мэдээлэл сурталчилгаа хамтын ажиллагааны газрын дарга Б.Цэнгүүн, музейн Сан хөмрөг хадгалалт, хамгаалалтын хэлтсийн дарга Т.Энхтунгалаг, КОЙКА-ийн Стратеги, бүс нутгийн төсөл хөтөлбөр эрхэлсэн Дэд ерөнхийлөгч И Юн Ен, Монгол дахь суурин төлөөлөгч Жу Хэйн Нан, Кorea Их сургуулийн профессор, дижитал контент хөгжүүлэлтийн мэргэжилтэн Пак Жон Ин болон бусад төлөөлөл оролцлоо.

Солонгосын талаас ирсэн төлөөлөгчид үзэсгэлэнгийн төлөвлөлт олдворуудын хадгалалт, VR/XR зэрэг дижитал тоног төхөөрөмжийг суурилуулах орчин, нөхөн сэргээн засварлалт, технологийн түвшин, барилга байгууламж тоног төхөөрөмжийн байдалтай биечлэн танилцаж мэдээллийн технологийн ажилтнуудтай уулзаж судалгааны агуулга тус бүрийг хянаж үр дүнгээ хуваалцах юм.

Музейн салбарт хэрэгжиж эхлэх энэ төсөл үр дүнгээ өгч сайн хэрэгжсэнээр дараа дараагийн хэрэгжүүлэх төсөлд туршлага болно, яамны зүгээс бодлогын түвшинд бүх талаар дэмжин ажиллахаа илэрхийллээ.