
Монгол Улсын Төрийн шагналт зураач Батцэндийн Пүрэвсүхийн 1989 онд бүтээсэн “Мөнгөн мод” бүтээл нь Монголын эзэнт гүрний түүхэн дурсгал, төрт ёсны уламжлал, шашин шүтлэгийн эрх чөлөөний үзэл санааг орчин үеийн уран сайхны хэлээр илэрхийлсэн бэлгэдлийн гүн агуулгатай бүтээл билээ.
“Б.Пүрэвсүх сан”-аас Чингис хаан Үндэсний музейн “Мөнгөн мод” танхимд “Мөнгөн мод” эх бүтээлийн хэвлэмэл хуулбарыг (2026.11.11) бэлэглэлээ.
Энэхүү арга хэмжээг Чингис хаан Үндэсний музейн захирал, Академич С.Чулуун нээж үг хэлсэн бөгөөд, зураач Б.Пүрэвсүхийн үр хүүхэд, хамтрагч шавь нарын төлөөлөл оролцлоо.
Энэ үеэр зураачийн охин Д.Байгалмаа хэлэхдээ “Бид Пүрэвсүх санг байгуулж аавынхаа уран бүтээл,судалгаа шинжилгээний ажлыг олон нийтэд таниулах, залуу уран бүтээлчид, судлаачдад хүргэх, Монголын түүх, дүрслэх урлагийн үнэ цэнтэй бүтээлүүдийг хойч үедээ өвлүүлэн үлдээхийг зорьсон зорилгыг Чингис хаан Үндэсний музей хүлээн авсанд гүн талархал илэрхийлье. Аавын минь хувьд уран зураг гэдэг зөвхөн өнгө будаг дүрслэлийн илэрхийлэл бус, харин түүхээ танин мэдэх, үндэстнийхээ үнэт зүйлсийг ойлгон мэдрэх нэгэн чухал хэл нь байсан гэдгийг онцлов.
Мөнгөн мод бүтээл түүх, урлаг, төр ёс, оюун санааны эрх чөлөөг холбосон, Монголын соёл иргэншлийн нээлттэй, хүлээцтэй мөн чанарыг илэрхийлсэн уран сайхны өв. Тиймээс Чингис хаан Үндэсний музейн сан хөмрөгт үнэтэй хувь нэмэр оруулсанд талархаж музейн зүгээс "Батламж”-ийг Б.Пүрэвсүх санд гардуулан өглөө.
Бүтээлийн тайлбар: Монгол Улсын Төрийн шагналт, зураач Б.Пүрэвсүх (1947-1991) Бүтээлийн нэр: “Мөнгөн мод” (Хуулбар хэвлэл) Эх бүтээлийн хэмжээ 80 х 100 см, Бүтээсэн огноо: 1989 он Хэвлэмэл бүтээлийн хэмжээ: 130 х 166 см, Хэвлэсэн огноо: 2026 он Хэвлэсэн газар: Гамма фото эженси ХХК. Үйлдвэрлэгчийн албан ёсны баталгаат бэх будаг ашиглан Epson брэндийн принтерээр архивын хадгалалтын зориулалттай, 200 жилийн баталгаат чанар бүхий хэвлэлийн технологиор хэвлэв Шил: 2 мм зузаантай, гэрлийн ойлт багасгасан, тунгалаг, өндөр хамгаалалтын шил Жааз: Герман чанартай модон хийцийн, уран бүтээлийг хүрээлэх, хамгаалах зориулалттай.