image
clock
2026-07-03

Монгол Улсын Засгийн газар 2019 оны 07 дугаар сарын 03-нд “Чингис хаан Үндэсний музей байгуулах тухай” 280 дугаар тогтоол гаргасан билээ. Монголын Төр, засгийн энэхүү түүхэн шийдвэр бүрэн хэрэгжсэн 7 жилийн ойн тэмдэглэлт өдөрт зориулан музейн хамт олон “Чингис хаан Үндэсний музейн түүхэн товчоон” номыг бүтээн туурвиж бэлэг барьж байна.

Өнгөрсөн хугацаанд Их хааны нэрээр нэрлэгдсэн музей бүтээн байгуулах монголчуудын хамтын хүчин чармайлт, хөдөлмөрийн үр дүнд богино хугацаанд их ажил өрнөж, 2022 оны 10 дугаар сард олон нийтэд музей үүд хаалгаа нээсэн. Энэ үеэс хойш өнгөрөгч дөрвөн жилд музейн хамт олон Их хааны үйл хэргийг мөнхжүүлэх, гадаад, дотоодод сурталчлан таниулах, судлан дэлгэрүүлэх соён гэгээрүүлэх үндсэн үүргээ биелүүлсээр ирсэн бөгөөд, музейн удирдлагын зүгээс музейн бүтсэн шинэхэн түүх, түүнийг бүтээлцсэн байгууллага хамт олон, гол үйл явдлыг товчоолж хойч үедээ бичиж үлдээх шийдвэр гаргасны дагуу энэхүү ном бүтээгдлээ. 

Чингис хаан Үндэсний музей нь хэдийгээр богино хугацаанд байгуулагдсан ч хүн төрөлхтний түүхэнд нэр алдраа дурсгасан Их Хааныхаа түүх, өвийг цогцоор нь судлах, Монголын түүхийг соён гэгээрлийн төв болгох томоохон ажлын эхлэл болсноороо онцлогтой. Тус музейг бүтээсэн долоон жилийн түүх, үйл явцыг бүхэлд нь багтаасан бөгөөд үүнд хувь нэмрээ оруулсан бүх оролцогчдыг хамруулсан түүхчилсэн бүтээлийг манай хамт олон хоёр жилийн турш бэлтгэж, өнөөдөр энэхүү номын нээлтийг хийж байна хэмээн Чингис хаан Үндэсний музейн захирал С.Чулуун хэллээ.

Уг номын санаачлагч, Ерөнхий редактор музейн захирал, Академич С.Чулуун, эмхэтгэж, боловсруулсан музейн Захиргаа, удирдлагын хэлтсийн дарга асан Д.Нямжав, доктор Д.Эрдмаа, ЭШ-ний ахлах ажилтан Б.Батбаатар, гэрэл зургийг музейн баримтжуулалт сан хөмрөгч О.Ууганбаатар нар оролцож, номыг үндсэн 3 бүлэгт багтаан оруулав.

Нэгдүгээр бүлэгт, Музейн газар, барилга байгууламж, түүний дэд бүтэц, гоёл чимэглэл, үзмэр бүрдүүлэлт, үзэсгэлэн дэглэлт, нээлт, гадаад харилцаа, хүрэлцэн ирсэн хүндэт зочид, гаргасан ном бүтээл, эрдэм шинжилгээний хурлууд, археологийн судалгаа, музейн маркетинг, мерчендайз, боловсролын хөтөлбөр, гадаад дотоодод гаргасан үзэсгэлэн, Их хуралдай аялал, жуулчлалын цогцолбор, “Соёлын сэргэлт-2023” аян, музейн дэргэдэх “Хаан найрал чуулга”, дэлгүүр, кофе шоп гэх мэт 20 гаруй дэд сэдэвт хувааж бичсэн.

Хоёрдугаар бүлэгт, 2019-2026 оны музейн гол үйл ажиллагааг он сарын дарааллыг чанд баримтлан дэлгэрэнгүй бичиж, түүхэн тогтоол, шийдвэрийн эх хувь, гэрэл зургаар баталгаажуулав.

Гуравдугаар бүлэгт, хамт олны танилцуулга орж, музейн бүтээн байгуулалтад гар бие оролцож, хөдөлмөрлөсөн төр, хувийн хэвшлийн байгууллага хамт олон, уран бүтээлчдийн нэрсийг бүтээсэн уран бүтээл, тендерийн ажлын хамт бичиж түүхэнд үлдээв.

“Чингис хаан Үндэсний музейн түүхэн товчоон” (түүхийн эхлэл, бүтээн байгуулалт баримт-гэрэл зурагт) 2019-2026 он хэмээх энэхүү номд нийтдээ бүтээн байгуулалтад оролцсон 500 гаруй хүн, нээлтэд уригдсан 1000 гаруй хүндэт зочдын нэрсийг оруулсан бөгөөд музейн 2019-2026 оны гол 400 гаруй үйл явдлыг 1400 гэрэл зураг, 51 тогтоол шийдвэрийн эх хувь, 10 орчим диаграмм зургаар баримтжуулж харуулсан 480 хуудас бүхий шинэ музейн түүх өгүүлэх анхны бүтээл боллоо.