image
clock
2026-07-03
ЧИНГИС ХААН ҮНДЭСНИЙ МУЗЕЙ БАЙГУУЛАГДСАН ТҮҮХИЙН ТАНХИМЫГ НЭЭЛЭЭ

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн санаачилгаар байгуулагдсан Чингис хаан Үндэсний музей нь манай улсын түүх соёлын томоохон бүтээн байгуулалтын нэг юм.

Тус музей нь Монголын түүх, соёлын үнэт өвийг хадгалан хамгаалах, судлах, сурталчлах үүргийг гүйцэтгэхийн зэрэгцээ дэлхий дахинд Монголын нэр хүндийг өргөх стратегийн ач холбогдол бүхий байгууллага учраас өнгөрсөн, одоо, ирээдүйг холбосон соёлын гүүр болж, үндэсний бахархлыг түгээн дэлгэрүүлсээр байна.

Чингис хаан Үндэсний музейг байгуулах Засгийн газрын тогтоол анх 2019 оны долоодугаар сарын 3-ны өдөр гарсан тул, музейн өнгөрсөн түүх, ирээдүйн хөгжлийн алтан холбоос болсон “Чингис хаан Үндэсний музей байгуулагдсан түүхийн танхим”-ыг шинээр байгуулж албан ёсоор нээж олон нийтэд (2026.07.03) дэлгэлээ.

Танхимын нээлтэд Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх оролцож, Эзэн Чингис хааныхаа эрхэм ариун алдраар тунхагласан дэлхийн нүүдлийн соёлын голомт болсон энэ музейг байгуулах түүхэн шийдвэрийг Монгол Улсын Засгийн газар 2019 оны долоодугаар сарын 3-нд анх гаргаж байлаа. Хэдий өндөр үүдээ нээн, өргөн олондоо өв соёлоо түгээн дэлгэрүүлж эхэлснээс хойш их биш хугацаа өнгөрч буй, магадгүй хамгийн залуу музей боловч Чингис хаан Үндэсний музей аль хэдийнээ дэлхийд алдраа дурсгасан музей болж чаджээ. Энэхүү хүндтэй үүргийг түүчээлэн авч яваа Чингис хаан Үндэсний музейн захирал, Академич С.Чулуун болон тус музейн нийт хамт олонд талархлаа илэрхийллээ.

Тус музей нь соён гэгээрлийн томоохон төв болсон тул, Чингис хаан Үндэсний музей байгуулагдах явц болон түүх эхэлсэн үйл явцыг баримтжуулан танилцуулах нь байгууллагын түүхийг үнэн зөвөөр танин мэдүүлэх, соён гэгээрлийн эргэлтийн түүхийг монгол болон дэлхий нийтэд таниулахад чухал үүрэгтэй юм.

Мөн нээлтийн үеэр Чингис хаан Үндэсний музейн захирал, Академич С.Чулуун Монголын түүх, соёлын салбарт сүүлийн 30 гаруй жилийн хугацаанд хэрэгжсэн хамгийн том төсөл болох Чингис хаан Үндэсний музей нь Монгол эрдэмтдийн мэдлэг оюун, Монгол урчуудын дундаршгүй их ур ухаанаар бүтээн байгуулагдсан их бүтээн байгуулалт билээ. Өнгөрсөн түүхийн туршлагаас ирээдүйн хөгжилд тэмүүлсэн их үйлсийн нэгэн хоромд Чингис хаан Үндэсний музей өөрийн түүхийг энэхүү танхимд мөнхжүүлэн баринтаглаж байна. Энэ танхим бол Чингис хаан Үндэсний музейн зөвхөн өнгөрсөн түүхийг харах цонх биш, ирээдүйн их хөгжилд тэмүүлж, Монгол соёлыг дэлхий дахинаа дахин сэргээн тунхаглах их зорилгын нэгэн шат болно гэдэгт итгэлтэй байна” хэмээв.

Шинээр байгуулагдсан танхимд Монгол Улсын Засгийн газраас Чингис хаан Үндэсний музейг байгуулах анхны тогтоолоос эхлээд Дэлхий дахины нэр хүндтэй олон улс орнуудын хаад, төрийн тэргүүн нарын Монгол төрийн 2000 жилийн тасралтгүй үргэлжлэн буй түүхэн уламжлал, нүүдэлчдийн соёлын ертөнцтэй танилцаж буй түүхэн хормуудыг буулгасан гэрэл зураг, дэлхий дахинаа Монголын эрин үе болох XIII зууны Монголын эзэнт улсын гадаад харилцааны түүхийг илэрхийлэх, Монгол нутгаас анх удаа илэрч олдсон Мөнгөн Гэрэгэ зэрэг онцлог үзмэрүүдийг олон нийтэд дэлгэлээ.