image
clock
2026-06-29
УХААЛАГ МУЗЕЙН ОРЧНЫГ БҮРДҮҮЛСЭН ЧИНГИС ХААН ҮНДЭСНИЙ МУЗЕЙ

Өөрчлөгдөн буй дижитал эрин үетэй музейн үйлчилгээг уялдуулан шинэчлэх нь Чингис хаан Үндэсний музейн нэгэн зорилт байсан.Өмнөө тавьсан зорилтоо хэрэгжүүлэн “Дижитал архивд суурилсан үндэсний музейн үйлчилгээг шинэчлэх” төслийг хэрэгжүүлж, музейн веб сайтыг шинэчлэн, үзэсгэлэнгийн танхимуудад ухаалаг мэдээллийн самбарыг байршуулж нээлтээ (2026.06.29) хийлээ.

Дээрх төслийн хүрээнд бүрдүүлсэн дижитал архив болон нэгдсэн цахим хуудас нь музейн соёлын өвийн үнэ цэнийг цаг хугацаа, орон зайн хязгааргүйгээр дэлхийн өнцөг булан бүрээс зорин ирсэн үзэгчдэд гүүр нь болж, танхимуудад суурилуулсан дижитал мэдээллийн киоск нь гадаад дотоодын үзэгчдэд хэлний бэрхшээлгүй мэдээлэл авах боломжийг бүрдүүлж, музейн олон улсын үйлчилгээний стандартыг нэг шатаар ахиулсан үйл явдал боллоо.

Төслийн үр дүн:

- Нэгдүгээрт, музейн соёлын өвийг дижитал архивд бүртгэж гар утсаар үзэхэд тохиромжтой цахим платформыг хөгжүүлэв.

- Хоёрдугаарт, бодит орчинд дижитал мэдээллийн самбаруудыг суурилуулж, ухаалаг музейн орчныг бүрдүүлэв.

- Гуравдугаарт, тогтвортой бие даасан үйл ажиллагааны суурийг бүрдүүлж, зөвхөн систем суурилуулаад зогсохгүй дараагийн шатны менежментийг тогтолцоог бэхжүүлэв.

Төслийн нээлтэд БНСУ-ын Олон Улсын Хамтын Ажиллагааны Байгууллагын (KOIKA) Монгол дахь Суурин төлөөлөгч Жон Хэн Ран оролцож ”4 жилийн хугацаанд хэрэгжих төслийн хүрээнд музейн дижитал контент боловсруулах, мэргэжилтний ур чадварыг дээшлүүлэх, үзэсгэлэнгийн орчныг сайжруулах, тоног төхөөрөмжид дэмжлэг үзүүлнэ. Манай сайн дурын ажилтан Юүн Сү Бин музейн гол үзмэрүүдийн дижитал архив бүрдүүлэх, дижитал контентууд амжилттай ашиглагдах болон бусад ажлуудын суурийг тавьж өгч чадлаа. Чингис хаан Үндэсний музейн хөгжилд амжилт хүслээ.

Төслийг төлөвлөн хэрэгжүүлсэн сайн дурын ажилтан Юүн Сү Бин “соёлын хүртээмжийг нэмэгдүүлэх зорилгоор эхэлсэн ажилд дэмжлэг үзүүлсэн музейн Гадаад харилцаа,хамтын ажиллагааны төвийн эрхлэгч Т.Энхтунгалаг болон музейн ажилтнуудад талархлаа илэрхийлж, цахим болон бодит орчныг хамарсан дижитал мэдээллийг дэд бүтцийг амжилттай бүрдүүлж жишиг загвар боллоо” хэмээв.