image
clock
2026-06-12
ЧИНГИС ХААН ҮНДЭСНИЙ МУЗЕЙД ЕВРОП-АЗИЙН УЛС ОРНУУДЫН ТЭРГҮҮЛЭХ МУЗЕЙН УДИРДЛАГУУД ЧУУЛАХ ГЭЖ БАЙНА

Чингис хаан Үндэсний музей нь бүс нутаг, олон улсын хэмжээнд өргөн цараатай үйл ажиллагаа явуулж, гадаад хамтын ажиллагаагаа өргөтгөсөөр байна. Түүний нэг томоохон илэрхийлэл нь Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн ивээл дор Евроазийн музейн олон улсын анхдугаар чуулганыг “Евроазийн их солилцоо: Ирээдүйн боломж, хамтын ажиллагаа” сэдвийн хүрээнд 06 дугаар сарын 15-ны өдрөөс 20-ны өдрүүдэд Чингис хаан Үндэсний музейд зохион байгуулна.

Энэхүү чуулганыг зохион байгуулагч Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газар, ССАЖЗЯ, Чингис хаан Үндэсний музейгээс холбогдох мэдээллийг сэтгүүлчдэд өнөөдөр (2026.06.12) өглөө.

Монгол Улс дэлхийд соёлын дипломат харилцааны шинэ хуудсыг нээж буй тус чуулганд дэлхийн 20 гаруй орны 55 музейн удирдлагууд оролцож, музейн хамтын ажил бодлого удирдлага, соёлын өвийн хадгалалт, хамгаалалт, дижитал музей ба инноваци, музейн боловсрол олон нийт ба маркетинг, евроазийн музейн хамтын ажиллагааны шинэ хэлэлцүүлэг, нэгдэл байгуулах боломж бүрдэж буйгаараа онцлогтой юм.

2026 оныг Олон Улсын Музейн Зөвлөл (ICOM)-өөс “Хуваагдмал дэлхийг нэгтгэж буй музейнүүд” уриа дэвшүүлсэн нь өнөөгийн олон улсын түвшинд үүсээд буй соёл, нийгэм, геополитикийн хуваагдлыг арилгах, харилцан ойлголцол, яриа хэлцэл, хүртээмжтэй байдал, энх тайвныг бэхжүүлэхэд музейн гүйцэтгэх үүргийг онцолсон нь уг чуулганы ач холбогдол, утга агуулгатай нийцэж буй.

Энэхүү чуулганы ач холбогдлыг Чингис хаан Үндэсний музейн захирал, Академич С.Чулуун хэлэхдээ, Евразийн шилдэг музейнүүдийн удирдлагуудын уулзалт, энэ олон улсын чуулган нь Монгол Улсад анх удаа зохион байгуулагдана. Чуулганы үеэр зөвхөн Чингис хаан музей өөрийнхөө үйл ажиллагааг олон улсад таниулах, сурталчлах, хамтын ажиллагааг өргөжүүлэхээс гадна Монгол Улсад үйл ажиллагаа явуулж байгаа бусад музейнүүд гадаад хамтын ажиллагаагаа өргөжүүлэх, дэлхийн шилдэг музейнүүдээс туршлага судлах, өөрийнхөө музейнүүдийн сан хөмрөгийг баяжуулах, үзэсгэлэнгүүдээ гаргах ийм том боломжийг нээж өгч байгаа” гэдгийг тодотгов. Мөн Монгол Улсыг дэлхий дахинд соёлоор дамжуулж таниулах, сурталчлах соёлын аялал жуулчлалыг хөгжүүлэхэд бас маш том хувь нэмэр оруулахаас гадна соёлын болоод музейн салбарт маш том хөрөнгө оруулалт, үр дүнг авчирна гэдэгт итгэлтэй байна” гэлээ.

Монгол Улсын Ерөнхийлөгчийн Соёл, шашны бодлогын зөвлөх Б.Сэргэлэн: Монгол, Монгол Улсад анх удаа Евроазийн музейн тэр дундаа шилдэг музейд хамтын асуудлаа хэлэлцэх гэж байна. Чингис хаан Үндэсний музей санаачилж хоёр тивийн музейн удирдлагууд дэмжсэн. Энэхүү соёлын дипломат, зөөлөн хүчний бодлогын хүрээнд Монгол Улс олон улсын хэмжээнд музейн ертөнцөд нэгэн шинэ хуудсыг нээх гэж хэлж болох юм. Монгол Улсын Ерөнхийлөгчийн бодлого, үйл ажиллагааны хөтөлбөрийн соёл, хүмүүнлэгийн дипломат үйл ажиллагааны зорилтод энэхүү үйл ажиллагаа нь нийцэж байгаа гэв.

ССАЖЗЯ-ны Соёлын өвийн хэлтсийн дарга Б.Даваацэрэн: Музей нь хүнийг бүх талаар хөгжүүлэх орон зай, түүнд бүх талын үр нөлөөг үзүүлэх орчин, энэ стратегийн хүрээнд үе үеийн Засгийн газрууд, үе үеийн яамд ажиллаж байна. 2021 онд Музейн тухай бие даасан хууль батлагдан гарч музейн үйл ажиллагааны зохион байгуулалтыг боловсронгуй болгоход ач холбогдолоо өгсөөр байна. Жилээс жилд музей рүү чиглэсэн хөрөнгө оруулалтууд тогтвортой нэмэгдэж, бид олсон амжилтуудаа бататгаж,олон агуулга хэлбэрийг баяжуулах чиглэлд эрчимтэй ажиллах болно” гэдгийг хэллээ.

Чингис хаан Үндэсний музейгээс чуулганы зохион байгуулалтад манлайлал үзүүлж, олон улсын музейдтэй шинэ шатанд хамтарч ажиллах, шинэ гарцыг нээж, цаашлаад Евроазийн музейдийн хамтын ажиллагаанд идэвхтэй ажиллах, бүс нутгийн хэмжээнд хамтарсан үйл ажиллагаа идэвхжүүлэх орон зайг бүрдүүлж, шинэ боломжийг нээн өгч байна.

Эдгээр музейн удирдлагууд Чингис хаан Үндэсний музейд илтгэл тавьж, хэлэлцүүлэг өрнүүлж цаашдын музейн салбар хоорондын олон ажлыг эхлүүлэх юм. Ази, Европын улс орнуудын тэргүүлэх музейн удирдлагууд ийм өргөн бүрэлдэхүүнтэй Монгол улсад чуулж байгаа нь анхны тохиолдол юм.