
Улсын хэмжээнд түүх, соёлын дурсгалт зүйл, урлагийн бүтээлээр дамжуулан хүүхэд, залуучууд болон гэр бүлийн гишүүдийн хамтын оролцоог нэмэгдүүлэх, үндэсний бахархал, эх оронч үзлийг төлөвшүүлэх зорилгоор “Музейн нээлттэй өдрүүд 2026” арга хэмжээг гуравдугаар сарын 1-нээс 7-ны өдрүүдэд зохион байгуулав.
Дээрх өдрүүдэд 21 аймагт үйл ажиллагаа явуулдаг төрийн болон орон нутгийн өмчийн бүх музей байнгын үзүүллэгийн танхимаараа иргэд олон нийтэд үнэ төлбөргүй үйлчилгээ үзүүлээ.
Чингис хаан Үндэсний музейгээр нээлттэй өдрүүдээр нийтдээ үзэгч 10454 үзэгч үйлчлүүлснээс том хүн 4885 хүүхэд 3464, оюутан1094, ахмад настан 810 тусгай хэрэгцээт иргэд 87, гадаад үзэгч 114 тус тус үйлчлүүлсэн байна.
Музейн хамт олон бүрэн бүрэлдэхүүнээрээ ажиллаж бүх насныханд зориулан хүссэн үйлчилгээг нэг дороос авах боломжийг бүрдүүлж, “Музейд суралцахуй” боловсролын хөтөлбөр, музейн номын сан, coffee shop-оор үйлчлүүлэн үзэгчдийн амрах, хүүхэдтэйгээ тоглох, саатуулах хэсгийг тусгайлан бэлдэж, музейгээс эрхлэн гаргаж буй ном, бүтээлүүдийн үзэсгэлэнг дэлгэж олон нийтэд үйлчиллээ.
Нээлттэй өдрүүдийн үеэр Чингис хаан Хүндэтгэлийн өргөө, Алтан шүтээн хөшөөнд хүндэтгэл үзүүлэхээр ирэхдээ Монгол үндэсний өв уламжлалаа дээдлэн хүндэтгэж гэр бүл, найз нөхдөөрөө монгол дээл хувцсаа өмсөн ирж, музейн дотоод журмыг мөрдөж соёлтой, үйлчлүүлсэн нийт үйлчлүүлэгчдээ музейн хамт олон талархлаа илэрхийлж байна.