Монгол Улсад музейн салбар үүсэж, хөгжсөний 100 жилийн ойн өдрийг тохиолдуулан музейн салбарынхан хүндэтгэлийн хуралдааныг Төрийн ордонд (2024.12.24) зохион байгуулж, төр хувийн хэвшлийн музейн 700 гаруй төлөөлөгчид оролцов.
Монгол Улс 2021 онд “Музейн тухай хууль” баталсан Азийн цөөхөн орны нэг билээ. Музей гэж соёлын үнэт зүйлийг бүртгэх, цуглуулах, хадгалж хамгаалах, судлах, сурталчлах түгээн дэлгэрүүлэх чиг үүрэг бүхий ашгийн төлөө бус соёл, эрдэм шинжилгээний байгууллага юм.
Чингис хаан Үндэсний музейг National Geographic агентлаг 2024 онд заавал үзэх музейн нэгээр нэрлэж, Францын Historia сэтгүүлээс “Чингис хаан: Монголчууд дэлхийг өөрчилсөн нь” үзэсгэлэнг 2024 оны шилдэг үзэсгэлэнгээр шалгаруулаад байгаа билээ.
Монголын музейн салбар өнөөдрийн байдлаар 40 гаруй музейн барилгатай болж, 336 мянга гаруй үзмэр, 1200 гаруй ажилтантай болон өргөжин музейн тухай анхдагч хуулийг батлуулж, 16 хүртэлх насны хүүхэд музейгээр үнэ төлбөргүй, хөгжлийн ялгаатай иргэд, ахмад настнууд хөнгөлөлттэй үнээр үйлчлүүлэх боломжийг бүрдүүллээ.